Чөлөөт бичээчдийн клубийн “Урт амьсгал” сэдэвт 10 сарын хүрээнд СЭЗДС-ийн Экономиксийн багш С.Өнөр бидэнтэй өөрийн бодлоо хуваалцан нэгэн оройг оюутан залуустайгаа өнгөрүүллээ. Ийнхүү,та бүхэндээ тус ярилцлагыг хүргэж байна.
Бүгдэд нь хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Юуны өмнө энэ сар бүрийг онцлох сэдэвтэй болгож, түүнийхээ дагуу эмх цэгцтэй хэлэлцүүлэг бэлдэхээр болсон нь бидний хийж буй ажил улам бүр боловсронгуй болж байгааг онцолмоор байна.
Одоо та бүхэнд өгүүлэх зүйлсийн нэгийг нь ч би өөрөө зохиогоогүй бөгөөд аль хэдийн хүн төрөлхтний мэдлэгийн санд байсан зүйлсээс чадан ядан олж харж, тусгах гэж оролдсон зүйлсээ дамжуулах үүрэг гүйцэтгэж байна. Ерөөс хамгийн агуу багш нар, мэргэдийн хэлдэг үгнээс бодоод үзэхэд ч тэр надад хүн төрөлхтний нэн ялангуяа философийн мэдлэгийн санд оруулах хувь нэмэр бараг үгүй биз ээ. Тэгэхээр миний ярих зүйлс бол олон газраас цуглуулсан мэдээллийг эрэмбэлж, заримдаа өөрийн туршлагад дулдуйдан мэдэрснээ л хүргэх гэж байгаа хэрэг. Агуу их мэдлэгийн сангийн өчүүхэн хэлтэрхийг л хүргэх гэж оролдож байна. Энэ тал дээр би илүүтэй дорнын уламжлалыг барих нь зүйтэй болов уу.
Энэ сарын сэдэв “Урт амьсгал”, эсвэл би үүнийг гүнзгий амьсгал гэж хэлмээр байна. Бидэнтэй өдөр бүр хамт байдаг зүйл бол амьсгал юм. Сэрүүн байсан ч, унтаж байсан ч, алхсан ч тэр гүйж байсан ч. Хаана ч байсан, хэзээ ч байсан хэрвээ амьд л байгаа бол амьсгалж л таарна. Үгийн язгуурыг нь харахад ч “амь”-наас гаралтай нь тодорхой. Гэхдээ амьсгал маань хэр амьд байна вэ? Энэ сэдэв рүү би дахин ирэх болно. Түүнээс өмнө нэг асуудлыг хэлэлцье.
Эхлээд хувь хүний хөгжил гэх ойлголтыг авч үзье. Унших, тоо бодох, алхах, гүйх, суниах зэрэг үйлдлүүдийг хийж эхлэх нь хөгжлийн эхэн үеийн шат. Цаашлаад хүмүүсийг ойлгох, нийгмийг танин мэдэх, физик үзэгдлийг мэдэх, тооцоолол хийх, таамаглал дэвшүүлэх гээд л. Бид маш олон зүйлийг зохион бүтээж байна шүү, тийм үү? Бүр эрт гал, дугуйнаас эхлээд л Ваттын уурын хөдөлгүүр, Смитийн эдийн засгийн сэтгэлгээ, Жобсын iphone гээд л. Оюун санааны хийгээд биет зүйлсийн нээлтүүдийг хүн төрөлхтөн хэдэн мянгаар нь бүтээсэн. Ямар нийгэм хамгийн сайн тухай гэдгээс эхлэн юу эрүүл мэндэд тустай тусгүй гэх мэт. Гэхдээ хамгийн түвэгтэй нь цаг хугацаа өнгөрөх тусам хамаг бүхэн дэндүү их хурдтай болчихсонд байгаа юм. Энэ цаг үед бид амьсгалаа ч мэдрэхгүй болтлоо, эргэн тойрноо ч анзаарахгүй болтлоо хурдлаад эхэлнэ. Энэ ярианы дараа та нар аль хэдийн өөр нэг ажил төлөвлөчихсөн эсвэл хийх ёстой хичээлийнхээ тухай бодож байгаа болов уу.
Зогсох цаг мөч хэзээ ирдэг вэ? Магадгүй хэдэн хундага хатуу дарс тогтоосны дараа транс хөгжимтэй бүжгийн талбайд уу? Эсвэл ямар нэг гажигдуулах бодис хэрэглэсэн үед үү? Магадгүй галзуу хулганаар доош уруудах үед танд зогсох момент мэдрэгддэг. Энэ нь бидний өмнө гарсан кинон дээрх одоо дээрээ байх юм. Танд одоогоороо байх үед ихээхэн аз жаргалтай байдаг гэдгийн гэрч бол сая дурдсан үйлдлийг хийхэд хүмүүс тун ч аз жаргалтай болдогт байгаа юм. Харамсалтай аз жаргал хэдэн хором, хэдэн цаг үргэлжлээд Үнсгэлжингийн 12 цаг цохиж эргээд бахь байдагтаа буугаад ирэх биз ээ.
Өнөө цагт “өөрийнхөөрөө бай”, “одоо дээрээ бай”, “хэзээ ч битгий бууж өг” гэдэг үг бараг л моод болж ээ. Харамсалтай нь яавал одоо дээрээ байх тухай бидний үеийнхэн тун бага ойлголттой байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн миний ярилцах зүйлийн хамгийн гол зорилго нь “одоо дээрээ байх” зам дээр хэрхэн гарах тухай асуудалд бага ч атугай гэрэл гэгээ тусгах явдал юм л даа. Ахиад хэлье, эцсийн зогсоолыг хэчнээн мэдсэн ч түүнд хүрэх замыг мэдэхгүй бол бид тун ч өрөвдөлтэй төөрч, улмаар шантрах билээ.
Урьд дурдсан бидний хөгжил гэж сэхээрч байгаа зүйлсийг дахин саная. Эдгээр нь илүүтэй их гадаад ертөнцтэй холбоотой зүйлс юм. Бид тоо бодох тухай асуудал нь таны оюун ухаан, бодлого хоёрын харилцан хамаарал юм. Нөхөдтэйгөө эвсэг харьцах тухай асуудал гэхэд таны сэтгэл болон таны найз гэсэн гадаад объект болж хувирна гэсэн үг. Ямарваа нэг зүйлийг хийхэд бид боддог, тэгээд үйлдэнэ. Энэ бол бодол бүхнээс хамаг бүхэн ундардаг гэдэг санаа. Бодлоо бид хөлөглөж, үйлээ барж гүйцэтгэх. Бодлоо хөлөглөн ямар нэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг бидэнд маш олон жилийн турш төрөл бүрийн албан болон албан бус боловсролоор олгосон билээ. Харин тэрхүү хөлөглөж буй унаагаа бид хэр сайн мэдэх вэ? Түүний жолоог бид атгаж чадсан уу гэх асуултад та хэрхэн хариулах вэ?
Санскрит хэлэнд bhāvanā гэж үг буй. Утгачилбал арчлах, ургуулах. Харин энэ үгийг англи хэл рүү хөрвүүлбэл бидний сайн мэдэх meditation гэх үгээр орчуулдаг. Латин хэлний meditari буюу бодох сэтгэх гэдэг үгнээс meditation үүссэн буюу бодрол гэж буухаар. Тэгэхээр эндээс бясалгал гэгч чухам бодох тухай асуудал уу эсвэл арчлан ургуулах тухай асуудал уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр бясалгал гэдгийг ер бусын мэдрэмж, чадвар гэж харах явдал цөөнгүй байна. Астрал аялал, рейки зэрэг зан үйл энд багтана. Энэ тухай Валпола Рахула бээр базаад ийн өгүүлжээ:
“Бясалгал” гэсэн үг сонсогдмогц амьдралын өдөр тутмын үйл ажиллагаагаас хөндийрөн тасрах; хадан агуй буюу сүм хийдийн хош өрөөнөө, эсхүл нийгмээс таслагдсан аль нэг зэлүүд газар хөшөө баримал шиг бодолхийлэн суух; ямар нэг арвис нууц зүйл, цалиг бодлыг толгой тархиндаа гүйлгэн байх мэтээр хүмүүс төсөөлөх нь байдаг… үнэнхүү “бясалгал” бол иймэрхүү салж хөндийрэх зүйл огт биш.
Эндээс бид сэтгэл, оюунаараа дамжуулан олон зүйлийг хийдэг, бас чадварыг эзэмшдэг ч сэтгэлийг удирдах, залах явдалд хэрхэн суралцах вэ гэдгийг төдийлөн авч үзээгүйд учир байна. Тэгэхээр би энэ бүхний эхлэл рүү хүргэх хамгийн эхний алхмыг харуулахыг зорьё. Нүдээ аниад 10 минутын турш зөвхөн орж ирж байгаа амьсгал болон гарч буй амсьгалдаа л анхаарлаа хандуулъя. Эргэн тойрноосоо битгий санаа зов. Энэ зүгээр л нэг дасгал. Бид нар ямар нэг ид шидийм эсвэл нууц ажиллагаа хийх гээгүй.
Тэгэхээр сая та нарын хувьд цаг хугацаа уртассан мэт санагдсан байж болох юм. Арван минут гэдэг чинь ийм урт бил үү гэж гайхаж эргэлзсэн хүмүүс цөөнгүй харагдаж байна. Бас зарим нэгийн чинь хувьд амьсгал дээрээ төлвөрөх асар хэцүү, бодол санаа чинь юм л бол өөр тийшээ үсчээд хэцүү байв уу? Бас ямар ядаргаатай есөн шидийн юм боддог юм бэ, миний бодол бүүр өмнөхөөсөө замбараагүй болчихлоо, ийм байхад юун сэтгэлээ жолоодох вэ гэж бодож байж ч болох юм.
Сая болсон үйл явцаас хэд хэдэн зүйлийг онцолъё. Нэгдүгээрт цаг хугацаа уртассан мэт мэдрэмж байгаа нь бидний төвлөрөлтэй холбоотой. Гүн төвлөрөх үед бид секунд бүрийг элээж байна гэсэн үг. Бодол санаа үсчээд замбараагүй байгаа гэдэг нь та өөрөө л анзаардаггүй болохоос бидний бодол санаа байнга л ийм төлөвт оршдог гэсэн үг. Түүнийгээ та анзаарч эхэлж байгаа нь танд эмх замбараагүй санагдаж байгаа болов уу. Иймэрхүү далд тархинд бичигддэг бодлууд байдаг шүү дээ. Тухайлбал хэдэн өдөр дарааллаад тетрис толгочихсон хүн зүүдэндээ дүрснүүдийг эргүүлээд л үргэлжлүүлэн тоглоод байдаг. Мөн зарим шийдэж чадаагүй зүйлсээ зүүдэндээ шийдчихсэн тохиолдлууд цөөнгүй байдаг, энд байгаа олон хүнд энэ явдал тохиолдож байсан биз ээ. Бидний бодол ямагт ар араасаа хөвөрч байдаг. Харин яаж хөврөөд, яаж үсрээд байгааг нь тэр бүр бид анзаардаггүй. Харин анзаарах гэж оролдох тэр мөчид хачин замбараагүй мэт харагдаж байна. Тэгэхээр нэг зүйлийг мэдлээ замбараагүй эсвэл үсчээд байгаа энэ бодол, сэтгэлийг “аанхаа ийм байдаг юм байна” гэдгийг мэдчихлээ. Амьсгал дээрээ төвлөрөх төдийд, одоо дээрээ ирж, илүү амьд гэдгээ мэдэрч, сэтгэл рүүгээ өнгийж байгааг харлаа. Харин дараагийн алхам бол өнгийсөн сэтгэлээ хэрхэн залуурдах вэ гэсэн асуудал. Энэ аян зам урт байх болов уу. Бас янз бүрийн арга, техникээр хүрэх зөндөө олон боломж байгаа. Би аль нэгийг нь онцолмооргүй байна. Харин гагцхүү ямар нэг арга замыг үтэр түргэн сонгож, түүнийгээ хэрэглээсэй хэмээн чин сэтгэлээсээ уриалмаар байна.
Чөлөөт бичээч: …
2015.10 сар