Чөлөөт бичээчдийн клубийн “Урт Амьсгал” сэдэвт 10 дугаар сарын зочноор Баасандаваагийн Дөлгөөн уригдан бидэнтэй өөрийн туршлага, бодлоо хуваалцан оюутан залуустайгаа нэгэн оройг хамт өнгөрүүллээ. Ийнхүү зочны маань ярилцлагаас хүргэе.
Дори идэр дүүдээ хэмээн яриагаа эхлэх тэрхүү эрхмийг Дөлгөөн гэдэг ба 4 тивд амьдарч, 3 далай гаталж, хориод орноор явснаа хүүрнэсээр өөрийгөө танилцуулахад эхэндээ эгээ л бадарчин аятай сонсогдсоноо нуух юун, гэхдээ мэдээж хэрэн тэнэсээр айлын хоолыг буудаж явдаг хуучин цагийнхтай харьцуулахад явсан газраасаа мэдлэгийнхээ саванд багтах хэмжээгээр эрдмийг өвөртлөн явсан ажээ.
Анх чөлөөт бичээчдийн клубийн урилгыг хүлээж авахдаа эдийн засгийн тухай яриа хэмээн бодсоноо нуугаагүй ч (үнэндээ гүнзгий амьсгалын тухай сэдэв байсан юм) эдийн засагчийн хувьд бус эгэл хүмүүний үүднээс бидэнд өөрийн арвин туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр хувь хүний хөгжлийг өөрийнхөө өнцгөөс биеийн, оюуны, сэтгэлийн хэмээн гурав ангилан яриагаа эхэлснээр цугласан олон нүд чих тархи гурваан баясгасан юм. Биеийн хөгжлөөр энд булчингийнхаа хэлбэр хэмжээгээр өрсөлдөх спортыг бус харин хамгийн хялбар хөдөлгөөн болох гүйлт болоод хүндэт зочны үндсэн спорт нь болох далбаат завь хоёрын тухай илүү ярих юм. Амьдралын гол амин судас нь эрүүл мэнд гэдгийг хүмүүсийн ихэнх нь гадарладаг ч даанч хэрэгжүүлдэг нь хяслантай цөөн юм даа. Харин тэрээр миний өмнө дурдсанаар цөөнхийн ангилалд нь орох бөгөөд оюутан байхаасаа л далбаат завиар хичээллэж өдөр бүр бэлтгэлээ алдахгүйн тулд гүйдэг байсан юм. Нэгэнтээ Японы зохиолч Харуки Муракамигийн амьдралыг сонирхож байхад мань хүн хорин хэдэн жил тасралтгүй гүйж байгаагаа дурдсан байдаг бөгөөд тэрээр зохиолуудынхаа ихэнхийг энэ л өдөр бүр гүйх айхтар зуршлаараа олж авснаа бичсэн байдаг. Харин түүний хувьд их сургуулийнхаа завины багт байхдаа хүнд хэцүү бэлтгэлүүдийг даван туулж, бэлтгэлгүй өдрөө гүйдэг байсан ба энэхүү гүйх зуршлаа одоо хүртэл авч явдгийг нэгэнтээ би бээр зочныхоо блогоор аялж байхдаа Зайсангийн өөд шат бүр дээр гунигаа үлдээн гүйсэн тухай нь уншиж байхдаа ойлгож байсан юм. Эцэст нь түүний ярианыхаа энэ хэсэгт авсан ишлэлийг сийрүүлвээсLord, make me to know mine end, and the measure of my days, what it is: that I may know how frail I am.
Оюуны хөгжилд тэрбээр дурдвал унш, аял, юм үз, ухаалаг ажилла гэх үйл үгсийг тодотгож байсан бөгөөд 2р курсынхаа дундуур сайн дураараа бүтэн жил ажиллахаар шийдсэн нь 20 настайдаа өөртөө Африк тивийг нээх боломжийг олгосон юм. Мөн тэрээр нэгэнт уншаад эхэлчихвэл 00 орохдоо ч уншсаар дуусгах ном хэмээн “Love in the Time of Cholera”-г ярьж байсан бөгөөд зохиолч нь нөгөө айхтар Зуун жилийн ганцаардлыг бичсэн Gabriel García Márquez гээч шүү дээ. Киноноос түүний слайдан дээр 2001 онд гарахдаа нэлээдгүй шуугиан тарьж Оскарын шилдэг гадаад киног авч байсан Amélie хэмээх кино, мөн л классик хэмээх ангилалд багтах It’s a Wonderful Life киноны зурагтай хамтдаа байж байв. Ингээд бодоход үнэхээр хааяа, үнэхээр гүнзгий амьсгалах завгүй өдрүүдийн дунд ганц кино бидний амьдралд мартагдсан зүйлсийг сануулан, давтагдашгүй мэдрэмжүүдийг өгдөгсөн.
Одоо үлдэж буй нь сэтгэлийн хөгжил. Тэрээр харин өмнөх хоёртой харьцуулахад энэхүү хэсэг дээр товчхон ярьсны учгийг сөхвөөс биеийн болон оюуны хөгжил хоёрыг л авч явсаар сэтгэлийн хөгжлийг орхисондоо гуч хүрээд зүрх сэтгэлээ гэнэт галт тэргэнд мөргүүлснээр мэдсэн бөгөөд харин түүний энэ хэсгийн слайдан дээр Edgar Allan Poe-ийн Аннабел Лий гэх шүлгийн
“Өчнөөн олон жилийн тэртээ,
Тэнгисийн хөвөөн дэх хаант улсад,
Үзэсгэлэн гоо, хосгүй ариун
Аннабэл Ли нэрт охин байлаа,
Надаар хайрлуулж, намайг л хайрлахаар
Нартад заяасан нэгэн байлаа” хэсэг тодрон харагдаж байсан бөгөөд хажуу талын зурган дээрээ тэрээр өөрийнхөө Аннабел Лийтэй хамт зогсож байсан юм.
Мөн түүний гүнзгий амьсгал буюу бидний сарын сэдэв болохын хувьд тэрээр хийх зүйлдээ сэтгэлээ зориулах юм болов уу хэмээн товчхон хариулан ярианы төгсгөлдөө сониуч бай, мөрөөдөлтэй бай, мөрөөдлөө бусдад халдаа гэсээр сүүлчийн слайд үлдэв. Түүн дээр хоёр үг байсныг буулгаваас: Би Күүл(be cool)!
Чөлөөт Бичээч: Б.Б.
2015.10.19