Бичиглэлийн эхэнд охид, бүсгүйчүүдээсээ хүлцэл өчье.
Өвлийн намуухан үдшийн цагт үүрийн туяа мэт гунхсан сайхан бүсгүй бүдэг гудамжийг гэрэлтүүлэн алхах ажээ. Саахь бүсгүй сор нь цасан ширхэг мэт гялтганан харагдах булган хүрэм духсан байх нь түүний үзэмж төгс биед зэгсэн зохижээ…
…Ийм сайхан учраас бүсгүй хүн бүр өвлийн жаврыг арилгам үзэсгэлэнгээ гайхуулахын тулд булган хүрмийг хүсэмжлэн мөрөөднө. Яагаад ч юм бие биедээ дулдуйдан нэг л мэдэхэд булган хүрэмгүй бол бүсгүй хүнд үл тооцогдох ч хандлага бий болно. Цаашилбал уг хандлага нь ямар ч үнээр хамаагүй зөөлөн үстэй амьтны арьсаар хийсэн хүрэмтэй болох алхам руу хөтөлнө. Ингээд ч зогсохгүй жилээс жилд үсэрхэг хүрэмний хэв загвар, сор өөрчлөгдөж бүсгүйчүүдийн аазгайг хөдөлгөж, хорхойг нь хүргэх юм.
…Гэтэл хамгийн сайхан сортой өвлийн хүрэм гаргаж авахын тулд хөөрхий мэрэгч амьтдыг амьдаар нь өвчих шаардлагатай байдаг ажээ. Амьдаараа арьсаа өвчүүлнэ гэдэг бол үгээр илэрхийлшгүй их өвдөлт, шаналал, гаслан,… Ийм их шаналал, гасланг хуримтлуулсан зөөлөн үст хүрэм элбэрэлт эхчүүдийн маань биест тохогддог гэхээр хачирхмаар. Бүр зөөлөн үст рүү шунан шунан байж биедээ духдаг гэхээр нөгөө энэрэнгүй, нигүүлсэнгүй, эхийн цагаан сэтгэл нь хаана байна гэж асуумаар санагдах…
Хүний амьдралын хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг бол яах аргагүй гэгээн сайхан хурим билээ. Тус үйл явдлын хамгийн үнэт зүйл нь хосуудын солилцох бөгж гэгддэг. Гэтэл тэр бөгжийг хамгийн ховор металь, хамгийн ховор чулуугаар урлагдсан байхыг хосууд хүснэ. Энэ шаардлагыг шижир алтан гольцоо бүхий алмазан бөгж хангана. Хамгийн хатуу чулуу болох алмаз нь бат бөх, үүрдийн хайрын бэлгэдэл болж болох л юм.
…Гэтэл алмазыг хаанаас олборлодог вэ? Африкаас л олборлодог. Африк дахь амьдрал алмаз болон бусад байгалийн баялгийн хараалаар баларч гүйцээд байгаа билээ. Алмазны хэт их эрэлт хууль бус олборлолтыг дэвэргэнэ, хууль бус олборлолт нь хууль бус зүйлсийг дэвэргэнэ, хууль бус зүйлс нь хүний санаанд буумгүй яргаллыг бий болгодог нь сэтгэл хөндүүрлүүлнэ. Ийм балмад явдлаар дөрөөлөн бий болсон алмаз хамгийн ариун нандин, сайн сайхан зүйлсийг бэлгэддэг хуримын үйл ажиллагааны гол индэрт залардаг нь шоглоомтой юм аа. Үүн рүү хүн бүр хошуурдаг гэхээр гэгээн хайрыг зовлон хураасан алмазаар төлөөлүүлж, жинхэнэ хайр хаана оршин буйг мартаа юу гэж асуумаар санагдах…
Сүйт хархүү сүйт бүсгүйдээ хайртайгаа илэрхийлэн баглаа цэцэг өгөх нь сайхан. Ижийдээ эмэгтэйчүүдийн баяраар цагаан цэцэг бэлэглэхэд ээжийн минь магнайн үрчлээс бүдгэрэх шиг. Түүнчлэн төгсөлтийн баярын дараа төв талбай цэцгэн хогоор дүүрсэн байх нь түгээмэл. Гээд үзэхээр энэ цэцгүүд хайр, хүндлэлийн илэрхийлэл болдог байх юм.
…Гэхдээ тэр бүх хайр, хүндлэлээ илэрхийлж буй зүйл нь хоромхон зуур гоогоо хадгалаад, дахин хэзээ ч сэргэхгүйгээр хатаж, хагдарч үхдэг эд байдаг. Үнэ мөнгөний хувьд үнэтэй боловчиг утга санааны хувьд арай хямд биш үү гэж асуумаар санагдах…
Өөр хүний дотор юу оршиж буйг мэдэхгүй юм. Өөр хүний сэтгэл, сэтгэлгээний онцлог, үнэлэмж юу болохыг таашгүй юм. Гэлээ ч бид хаяа ч болтугай бидэнд буй зүйлсийн үнэ цэнэ, төлөөс, бидний хэрэглэж буй зүйлсийн үнэ цэнэ, төлөөсийг төсөөлж, шинжилж байх хэрэгтэй юм болов уу даа.
…Энэ энх тунх амьдрал бидэнд үнэгүй ирээгүй шүү дээ. Энэ энх цаг газрын хөрс юм бол газрын хөрсөн доор төсөөлшгүй их хүсэл, мөрөөдөл, зорилгуудтай зэрэгцээд хэмжээлшгүй их амь, амьдрал, хагацал, зовлон, … булагдсан буй билээ. Тэгэхээр бид хэт бэлгэдлийн зүйлс төдийд дулдуйдалгүй, энэ энх тунх амьдралын үнэ цэнийг хором бүртээ ухааран санаж, бусдын зовлонгоор “үл хооллож”, урагш хөтлөх тэмүүлэлдээ дулдуйд юу…
Чөлөөт бичээч: Бату